< Буцах

Санал болгож буй нэр:

Насан туршийн даатгал

Оролцогч:

Нямсүрэн Амаржаргал

Лого:

Нэрийн тайлбар:

Даатгалын салбар дахь Амьдралын даатгалын төрөл нь түр зуурын бус тухайн үйлчлүүлэгчийн насан туршид хамаарах урт хугацааны даатгал байдаг. Тиймээс “Насан Туршийн Даатгал” гэсэн оноосон нэр нь энэ төрлийн ажил үйлчилгээ эрхэлж буй байгууллагын үйл ажиллагааны онцлог, мөн чанарыг шууд илэрхийлэх бүрэн боломжтой гэдэг үүднээс сонгосон. Мөн хэлэх, уншихад энгийн, сонсголонтой, цээжилж тогтооход амар, ойлгомжтой үг юм. Товчхондоо, энэхүү оноосон нэр нь одоогийн “Нэйшнл Лайф Даатгал” компанийн онцлог, хэв шинжийг маш тодорхой агуулж бэлгэдэж байгаа билээ.    
Монгол хэлний их тайлбар тольд “насан турш, насан туршид” гэх холбоо үгсийг “нэг насаа дуустал, амьдралынхаа туршид” гэсэн энгийн бөгөөд товч утгаар тайлбарлажээ. Түүнчлэн, өөр олон салаа утга илэрхийлэхгүй байгаа нь энэ үгийн бас нэг давуу тал юм. Яагаад гэвэл зарим үг хэдий оновчтой байлаа ч өөр салаа утга нь нөгөө утгынхаа эсрэг буюу сөрөг имиж бүрдүүлэх, ойлголт төрүүлэх тохиолдол бий.  
Санал болгож буй нэрэнд давхардал байгаа эсэх талаар “Иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, үйлчилгээний цахим систем”-ээс хайлт хийж үзэхэд 2019.05.13-ны байдлаар “Насан Туршийн Даатгал” гэх оноосон нэртэй аж ахуйн нэгж байгууллага бүртгэгдээгүй байна.  
Ижил төстэй нэртэй байгууллагын тухайд 1997 оноос Гэгээрлийн яамны харьяанд үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Албан бус боловсролын төв” нь 2012 оноос “Насан туршийн боловсролын Үндэсний төв“ гэсэн нэртэй болж БСШУСЯ-ны бүтцийн томоохон салбар болон үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь “Насан туршийн...” гэх тодотгол бүхий нэртэй байгууллага нийгэмд танигдаж, дасал болсноороо бидэнд бас давуу талтай юм. Тодруулбал, ийм нэр хүмүүст амархан танигдана гэсэн үг.

Хувийн эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар хүртэх үр шим, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг тайлбарласан байдал:

Сүүлийн 10 жилд манай улсын иргэдийн нас баралтын хоёр дахь гол шалтгаан хорт хавдар гэдгийг ЭМЯ болон бусад холбогдох байгууллагаас албан ёсоор мэдээлдэг. Тэгвэл энэ сөрөг үзэгдэл нь хувь хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэнддээ тавих анхаарал, амьдралын хэв маяг, сэтгэлгээ хандлагаас шууд хамаардаг аж. Тодруулбал, өвдөж, өвчин нь хүндрэхгүй л бол эмчид ханддаггүй, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаггүй, эрүүл мэндийн даатгалын төрөл, ач холбогдлын талаар мэдлэг мэдээлэл хомс, энэ талаар анхаарч сонирхдоггүй байдал нь хүмүүсийг эрүүл мэндийн шалтгаанаар эд хөрөнгө, цаг хугацаа, цаашлаад амь насаараа хохироход хүргэдэг байна. 
 Тэгвэл бид зөвхөн улсын эрүүл мэндийн даатгал төдийгүй хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээний давуу тал, ач холбогдлыг судалж мэдэж, амьдралдаа хэрэгжүүлж хэвших нь аливаа өвчин эмгэг тусч эмчлүүлэх үеийн санхүүгийн хүндрэлийг саадгүй даван туулахад тусална. Хүмүүс хувийн эрүүл мэндийн даатгалын хураамжийг хэт өндөр гэж хийсвэрээр ойлгодог. Гэвч бодит байдал дээр хувийн эрүүл мэндийн даатгалын хураамжийн нөхцөл нь тухайн байгууллага бүрийн онцлогоос хамааран уян хатан байдаг. Мөн танд эргэж олдох нөхөн төлбөр нь хураамжийн дүнтэйгээ харьцуулахад маш өндөр байдгаараа онцлогтой.   
 Жишээ нь, та хорт хавдрын даатгалд таван жилийн хугацаатай гэрээ байгуулан хамрагдлаа гэхэд 25 настай бол сард ердөө 993 төгрөг, 60 настай бол 7148 төгрөг төлнө. Энэ нь бидний өнөөгийн хэрэглээний ханштай харьцуулж үзвэл маш бага дүн. Бид бүтэн сарын турш ганц талх юм уу, нэг таваг хоолны үнээр л бүхэл бүтэн амь насанд халтай хорт хавдрын эрсдэлийг даатгах боломжтой гэсэн үг. Ингээд та даатгуулсан эхний 2 жилийн дотор хорт хавдраар өвчилсөн тохиодолд нөхөн төлбөр буюу 5 сая төгрөгийг 100 хувь эргүүлэн авч эмчилгээндээ хэрэглэнэ. Харин 3 дахь жилээс хойш өвдсөн бол нөхөн төлбөрийг 2 дахин нэмэгдүүлж буюу 10 сая төгрөг авах боломжтой. Гэтэл улсын эрүүл мэндийн даатгалын хураамж нь таны цалин орлогын түвшнээс шууд хамаардаг. Жишээлбэл, та 800 000 төгрөгийн цалинтай байлаа гэж бодоход сар бүр 2 хувь буюу 16 000 төгрөг, байгууллагаас мөн 2 хувийг нэмээд сар бүр 32 000 төгрөг төлнө. Гэвч эргээд авах хамгаалалт нь жилд ердөө 2 сая төгрөг хүртэл гэсэн хангалтгүй хэмжээгээр тогтоосон. Мөн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээний нэр төрөл хязгаартай байдаг.    
 Үүнээс гадна хувийн эрүүл мэндийн даатгал нь зөвхөн хорт хавдрын бус өндөр өртөгтэй мэс ажилбар, эрүүл мэндийн бусад бүх төрлийн тусламж үйлчилгээний гэх мэт олон төрөл байдаг.   

Амь насны даатгалд даатгуулснаар хүртэх үр шим, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг тайлбарласан байдал:

Аливаа өвчин зовлон хэлж бус хийсч ирдгийн адил үхэл хагацал хэзээ тохиолдохыг хэн ч урьдчилан тааж мэдэх боломжгүй. Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь өвчний улмаас юм уу, гэнэтийн ослоор амь насаа алдахад ар гэрт нь санхүүгийн томоохон эрсдэл тулгардаг. Энэ асуудлыг шийдвэрлэж, хүнд үед ар гэртээ өөрийн хүссэн хэмжээгээр өв хөрөнгө үлдээх боломжийг энэ төрлийн даатгал олгодог. Энэхүү даатгал нь мөн л харьцангуй бага хэмжээтэй тогтмол хураамжаар өндөр дүнтэй нөхөн төлбөр авах боломжийг бүрдүүлдэг байна.  
Үүнээс гадна Зээлдэгчийн амь насны даатгал, Насан туршийн амь насны даатгал гэж бас бий. Насан туршийн даатгал нь тухайн гэр бүлийн санхүүг тогтвортой байлгах даатгалын хамгаалалт болохын зэрэгцээ аль болох залуу насандаа даатгуулбал бага зардалтай байдаг онцлогтой. Мөн даатгуулагч зөвхөн амь насаа алдсан тохиолдолд бус 85 нас хүрээд даатгалын үнэлгээгээ хүлээн авч захиран зарцуулах боломжийг олгодгоороо дауу талтай.

Хувийн тэтгэврийн даатгалд даатгуулснаар хүртэх үр шим, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг тайлбарласан байдал:

Хувийн тэтгэврийн даатгал бол амьдралын даатгалын маш чухал бүтээгдэхүүний нэг юм. Тухайлбал, нийгмийн даатгал нь улсын хэмжээнд эрэгтэй, эмэгтэй хүний тэтгэвэрт гарах нас, бусад болзлыг хатуу тогтоосон байдаг бол хувийн тэтгэвэр нь ердөө тавхан жил хураамж төлөөд тэтгэвэр авах боломжийг олгодог. Мөн үндсэн тэтгэврийн хажуугаар нэмэлт тэтгэвэр авах, хуримтлал үүсгэх хугацаанд гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах болон амь насанд эрсдэл учирсан тохиолдолд даатгалын хамгаалалт үйлчилдэг давуу талтай. 
Хамгийн гол нь энэ төрлийн даатгал тухайн хувь хүн хэдий хэмжээний тэтгэвэр авахаа өөрийнхөө боломж бололцоонд тааруулан шийдэж болдог, хүсвэл хугацаанаасаа өмнө хуримтлалаа буцаан авч ч болдог, таны нас, хүйс, ажил төрлийн байдлаас үл хамаардаг гэх мэт маш олон онцлогтой.  
Түүнчлэн, өөрийн тань үүсгэж хуримтлуулсан тэтгэврийн мөнгө Монголбанкны бодлогын хүүгээр тогтмол, найдвартай өсч байдгаараа нийгмийн даатгалаас эрс ялгаатай. Хувийн тэтгэврийн хуримтлалыг даатгуулагч нэг дор бөөнд нь юм уу, хүссэн хугацаандаа хүссэн хувь хэмжээгээр тэтгэвэр болгон авах сонголттой. Басхүү энэ хуримтлалыг гэр бүл, ойр дотны хүндээ өвлүүлэн өгөх ч боломжтой байдаг. 
Улсын нийгмийн даатгалд ийм олон боломж, сонголт, давуу тал байдаггүй шүү дээ

< Буцах