< Буцах

Санал болгож буй нэр:

Амин Хур Даатгал

Оролцогч:

Батбаяр Баярмаа

Лого:

Нэрийн тайлбар:

Аливаа амьд бүхний оршихуйн учир нь “Амь” билээ. Амьд байх буюу амьдрах нь хүмүүн бидний дээдийн заяа, зол завшаан юм. Тэгвэл бидний амьдрах, оршин тогтнох гол хүчин зүйлсийн нэг нь ус билээ. Амьдрал уснаас үүссэн гэх эрдэмтдийн санал ч бий. Юутай ч дэлхийн гадаргын 71%-ийг ус эзэлдэг бол хүний биеийн 70%-ийг ус эзэлдэг. Гайхалтай зүй тогтол биш гэж үү? Бидний “Амь” оршин буй энэхүү байгаль дэлхий хурын усаар тэжээгдэн ундаалж, амьд бүхний амьдрах, оршин тогтнох үндсийг баталгаажуулдаг шиг, бидний амьдралд ч мөн түүн лугаа адил хүчин зүйлс хэрэгтэй байдгийн нэг нь “Амьдралын даатгал” мөн гэж би үзэж байна. Эх газраас ус ууршин дээш хөөрч, хур тунадас болж буухдаа 35-45 хувь нь эргээд газар доорхи усны үндсэн тэжээл болдог ажээ. Байгаль дэлхий минь ийм гайхалтай эргэх холбоо, зүй тогтолтой байдаг шиг “Амьдралын даатгал” нь хүний амьдралын зайлшгүй хэрэгцээтэй цаг мөчид, хүнд хэцүү үед нь цагаа олж буудаг “Хур” нь байгаасай хэмээсний үүднээс “Амин Хур” хэмээх нэрийг санал болгож байна. “Амин хур”-ын “Хур” нь цаанаа бас нэгэн гайхалтай давхар утга санаа, бэлгэдлийг агуулж байгаа. “Монгол хэлний их тайлбар толь” бичигт “Хур” хэмээх үгийн 1-р утгыг “Удаж, хуримтлагдсан юм” гэж тайлбарлаад “Хур баян (үе улиран хуримтлуулж цуглуулсан эд хөрөнгөтэй хүн), хур орох (Мал сүрэг хур таргатайгаар онд орох), хур хөрөнгө (олон жил хурааж цуглуулсан эд хөрөнгө) гэх мэтээр жишээ татжээ. Хүмүүс хүүхдэдээ, хайртай зүйлдээ, өөрийнхөө бизнест санаан зоргоороо нэр өгчихдөггүй. Маш удаан бодож, бэлгэдэж, ач холбогдол өгч байж тухайн нэрийг олдог. Даатгалын компани маань ч мөн адил бусдын сайн сайхны төлөө, мөн үйл ажиллагааныхаа амжилтын үүднээс “хурааж хуримтлуулахыг” бэлгэдэн ерөөж энэхүү нэрийг сонгоосой хэмээн хүсч байна. Миний хувьд “Амин хур” –тай зүйрлэн ач холбогдол өгсөн “Амьдралын даатгал”-ын компаниас үзүүлдэг үйлчилгээнүүд нь амьдралд маш ач холбогдолтой, хүн бүхэнд их том боломж олгож байна гэж ойлгож байгаа. Учир нь бид бүхний амь нас, эрүүл мэнд, цаашлаад амьдралын баталгаа болсон санхүүгийн асуудлыг хуримтлалаар дамжуулан шийдвэрлэх гарцуудыг нээж өгсөн байна.

Хувийн эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар хүртэх үр шим, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг тайлбарласан байдал:

Эрүүл мэнд эрхэм баян гэдэг үг бий. Гэтэл манай улсад эрүүл мэндийн салбар хөгжөөгүй, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал, иргэдийн энэ талаарх мэдлэг, мэдээлэл хомс зэргээс болж Монголчуудын эрүүл мэндийн эрх ашиг зөрчигдсөөр байна. Манай улсыг нас баралтын тоогоороо дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүртэл аюулын хэнгэрэг дэлдээд байгаа хорт хавдрын өвчлөл үүнийг бэлхнээ гэрчилнэ. Монголд 2017 оны байдлаар 6073 хүн хорт хавдраар өвчилж, 4037 хүн түүний улмаас нас барсан байна. Харин үндэсний аюулгүй байдлын түвшинд яригдах энэ асуудалд “Амьдралын даатгал”-ын компаниас илүү бодитойгоор чиглэсэн үйл ажиллагаа явуулж байнга гэж харж байна. Тухайлбал, тус компани элэгний хорт хавдраар өвчилсөн нэгэн үйлчлүүлэгчдээ Азийн хамгийн том эмнэлгүүдийн нэг болох Солонгос улсын “Асан” эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах мэс заслын төлбөрт нь зориулж Монголын зах зээл дээрх хамгийн их хэмжээний нөхөн олговор буюу 420 орчим сая төгрөгийн тусламж үзүүлжээ. Тус компаний, Монголд эрүүл мэндийн анхны хүртээмжтэй даатгалаар бүртгүүлээд байгаа “Хорт хавдрын даатгал”-д 50 сая төгрөгний хуримтлал үүсгэхээр хамрагдахад 30 настай хүний тухайд сард ердөө 6000 төгрөг төлөх бөгөөд зургаан сарын дараагаас эхлээд нөхөн төлбөрөө бүтэн авах эрх үүсдэг байна. Мөн гэр бүлээрээ даатгуулсан тохиолдолд илүү хямд бөгөөд 0-19 насны хүүхдүүдийг нь үнэгүй даатгадаг давуу талтай ажээ.

Амь насны даатгалд даатгуулснаар хүртэх үр шим, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг тайлбарласан байдал:

Хүний хамгийн үнэ цэнэтэй зүйл бол амь нас билээ. Бидний амь нас өөрсдөд маань төдийгүй бидний гэр бүл, хайртай дотны хүмүүсийн минь хувьд ч хамгийн чухал. Гэтэл хүний амьдрал мөнх бус. Хэн ч тэр, ард үлдэж байгаа гэр бүл, хайртай дотны хүмүүсээ сайн сайхан амьдраасай гэж хүснэ. Тиймээс тэдэндээ баталгаатай амьдралын эх үүсвэрийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй болдог. Тэрхүү баталгаануудын нэг нь амь насны даатгал юм. Тухайлбал, хэн нэгэн өөрийн нэр дээр зээл авсан бөгөөд золгүйгээр амь насаа алдах тохиолдолд үлдсэн бүх зээлээ ар гэрийнхэндээ дарамт болгож үлдээхгүйн тулд амь насны даатгалд хамрагдах ёстой гэсэн үг юм. Жишээ нь: 2017 оны 12 сарын байдлаар орон сууны ипотекийн зээлтэй нийт зээлдэгчийн тоо 93147 байсан бөгөөд тэдгээрийн 79.8% нь нэг хамтран зээлдэгчтэйгээр, худалдан авч буй орон сууцаа барьцаалан, нэмэлт барьцаагүйгээр зээл авчээ. Тухайн зээлдэгч амь насаа алдлаа гэхэд зээлийн хариуцлага хамтран зээлдэгчийн нуруун дээр ирснээрээ зээлийн эргэн төлөлтөнд учрах эрсдлийг нэмэгдүүлэхээр байна. Харин “Амьдралын даатгал”-ын компаний “Зээлдэгчийн амь насны даатгал”-д хамрагдсанаар зээлдэгч амь насаа алдсан тохиолдолд тухайн зээлийн үлдэгдлийг даатгалын компаниас нөхөн төлөх учраас хамтран зээлдэгч болон банкыг зээлийн эрсдэлд оруулахгүй байх ач холбогдолтой ажээ. Мөн гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдвал даатгалын үнэлгээг нэг удаа 100 хувь олгох юм байна.

Хувийн тэтгэврийн даатгалд даатгуулснаар хүртэх үр шим, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг тайлбарласан байдал:

Насан туршдаа ажиллаж хөдөлмөрлөсний эцэст сайхан амрах, эрүүл мэндээ анхаарах, аялал зугаалгаар явах, өөрийгөө хөгжүүлэх зэргээр өөртөө илүү цаг гаргаж, ая тухтай байдалдаа санаа тавихыг хэн бүхэн хүсэх нь мэдээж. Энэ үед тухайн хүний үндсэн орлогыг бүрдүүлэх тэтгэврийн хэмжээ нь түүний өдөр тутмын амьжиргааны хэрэгцээг хангахаас гадна, дээрх хэрэгцээг хангахад хүрэлцэх бил үү? Засгийн газрын 2019 оны 01 сарын 19-ний өдрийн хурлын тогтоолоор тэтгэврийн дундаж хэмээ 372000 төгрөг болсон. Эндээс үзэхэд дан ганц тэтгэврийн орлого нь тухайн хүний амьжиргааг ч хангах боломжгүй байна. Харин “Амьдралын даатгал”-ын компаниас бидэнд тэтгэвэрт гарсан үедээ нийгмийн даатгалын тэтгэврээс гадна мөнгөн хуримтлалаар үүсгэсэн хувийн тэтгэврээ давхар авч өөртөө зориулахаас гадна үр хүүхэд, гэр бүлдээ өвлүүлэн үлдээх боломжийг олгож байна. Тэдний санал болгож байгаа тэтгэврийн даатгалын онцлог, давуу тал нь хэдэн настайдаа ч хамаагүй уг даатгалд хамрагдаж, заавал тэтгэврийн насыг хүлээлгүйгээр, шаардлага гарсан буюу хүссэн цагтаа тэтгэврээ авч хэрэглэх боломжтой. Тэтгэвэр авах эрх нь шимтгэл үүсгэснээс хойш ердөө тавхан жилийн дараанаас үүсдэг байна. Хамгийн том давуу тал нь тухайн даатгуулагчид гэрээний хугацаанд ямар нэгэн эрүүл мэндийн болон хөдөлмөрийн чадвараа алдах гэх мэт асуудал үүсвэл тухайн хугацаанд үүссэн хуримтлал дээр нь шимтгэл төлөөгүй буюу гэрээний үлдсэн хугацаанд бий болох ёстой хуримтлалыг нь даатгалын компаниас нэмж олгодог байна. Амь насаа алдсан тохиолдолд тухайн даатгуулагчийн нэр дээр үүссэн хуримтлалыг хоёр дахин нэмэгдүүлж гэр бүлд нь өгөх ажээ. Мөн тэтгэврийн даатгалаа гэр бүл, үр хүүхэд болон ойр дотны хүнийхээ нэр дээр шилжүүлэх боломжтойгоороо давуу талтай. Эх дэлхийн ус ууршин агаар мандалд хөөрч, эргээд хур болон бууж байгаль дэлхийг амилуулдаг шиг, та бидний амь амьдралаа даатгуулах хуримтлал тасралтгүй өсч үржин, амин чухал үед “Амин хур” болон буух болтугай. Бүтээсэн логоны минь бэлгэдэл ч энэ болой.

< Буцах