< Буцах

Санал болгож буй нэр:

Дүүрэн Амьдрал Даатгал

Оролцогч:

Чүлтэм Дашдэлэг

Лого:

Нэрийн тайлбар:

“Дүүрэн” гэх тэмдэг нэр олон эерэг утгыг агуулдаг. Сэтгэл дүүрэн, элбэг дүүрэн, бүрэн дүүрэн гэх мэтээр дутуугүй амьдарч, дундуургүй жаргахыг хэзээд бэлгэдэж байдаг. “Дүүрэн Амьдрал Даатгал” гэдэг нь үйлчлүүлэгчдийн сэтгэл хэзээд дүүрэн байх, тухайн байгууллага өөрөө ашиг орлого амжилт бүтээлээр ямагт дүүрэн явахыг бэлгэднэ. “Бүрэн дүүрэн” гэх хоршоо үг “дутуу дулимаг юмгүй, төгс төгөлдөр” гэсэн утгатай.
Дүүрэн Амьдрал-Гачигдах зүйлгүй, аливаа эрсдэлд орохгүй, эрүүл саруул жаргалтай, элбэг баян сайхан амьдралыг хэлнэ. Үүн дээр “Даатгал” гэсэн үг нэмэхэд “Дүүрэн амьдралыг бий болгох даатгал”, “Даатгал-Дүүрэн амьдралын үндэс” гэсэн утга санаанууд гарч ирнэ.
“Дүүрэн амьдрал гэж юу?”
Манай ард түмэн “Дүүрэн жаргалтай, түвшин билэгтэй яваарай” гэж ерөөдөг. Дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэж, нүүр дүүрэн мишээж, сэтгэл дүүрэн амьдрах нь хүн бүрийн хүсэл билээ.

Хувийн эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар хүртэх үр шим, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг тайлбарласан байдал:

Хувийн эрүүл мэндийн даатгал нь аливаа өвчлөлийн үед үүсэх гэнэтийн зардлыг урьдчилан шийдэх боломжийг хэн бүхэнд олгодог. Хүмүүс хэзээ, ямар өвчнөөр өвдөхөө урьдчилан тааж мэдэх боломжгүй. Ялангуяа, хорт хавдар, мэс ажилбар зэрэг өндөр өртөгтэй эмчилгээ хийлгэх шаардлага тулгарах нь хувь хүн, айл өрхийн санхүүд хүнд цохилт болох нь түгээмэл. Ийм үед санхүүгийн баталгаагүй байх нь эмчлүүлж чадахгүй цаг алдаад зогсохгүй амь насаа ч алдах аюултай.

Тиймээс хүн бүр учирч болзошгүй эрүүл мэндийн эрсдэлийг даатгалын хэлбэрээр хуримтлал үүсгэн хаах, ирээдүй, амь насаа хамгаалж сурах нь чухал. Хүмүүс улсын эрүүл мэндийн даатгалд тодорхой хэмжээний шимтгэл төлж хамрагдах боломжтой ч эргээд олдох үр ашиг, авах тусламж үйлчилгээний нэр төрөл хязгаартай. Ердөө 9 төрлийн тусламж үйлчилгээнд жилд нийтдээ 2 сая төгрөгөөс хэтрэхгүй нөхөн төлбөр авах эрхтэй. 

Харин хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ нь Хорт хавдрын, Хүнд өвчний эрсдэлийн, Мэс ажилбарын, Өндөр хамгаалалттай эрүүл мэндийн гэх мэт ерөнхий хэсгүүдэд хуваагдан маш олон төрлийн тусламж үйлчилгээ авах боломжийг олгодог. Жишээ нь, өндөр хамгаалалттай эрүүл мэндийн даатгалаар жилд 450 саяас 1.5 тэрбум хүртэл төгрөгөөр үнэлэгдэх иж бүрэн буюу 30 гаруй нэр төрлийн эмчилгээ, тусламж үйлчилгээ авч болдог байна. Үүнд зөвхөн өвчилсний дараах эмчилгээ хамаардаггүй. Жорын дагуух эмийн зардал, вакцинжуулалт, урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо шинжилгээ ч хийлгэж болдгоороо давуу.

Хураамжийн хувьд өндөр биш. Даатгалын төрөл, үнэлгээнээсээ шалтгаалан харьцангуй бага зардлаар ирээдүйн том эрсдэлийг хааж, сэргийлж чадна. Мөн хувийн даатгалаар зардлыг нь гаргах эмчилгээний оношийг олон улсын чанартай эмнэлэг давхар хянаж баталгаажуулдаг нь таныг найдвартай, төгс эмчлүүлэх баталгаа болдог.

Амь насны даатгалд даатгуулснаар хүртэх үр шим, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг тайлбарласан байдал:

Аливаа өвчин, гэнэтийн ослын улмаас амь нас эрсдэхэд ар гэрээ санхүүгийн хүндрэлээс хамгаалж, өв хөрөнгө үлдээх боломжийг энэ даатгал олгодог. Зөвхөн амь насаа алдах тохиолдолд нөхөн төлбөр олгодоггүй. Гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд ч даатгалын үнэлгээгээр нөхөн төлбөр авах, 24 цагаас дээш хугацаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол хоног тутамд бэлэн мөнгөний тэтгэмж авч болох нэмэлт үйлчилгээтэй байдаг.
Өнөө үед айл бүрт санхүүгийн эрсдэл дагуулдаг зүйл бол олон төрлийн зээл. Ялангуяа, их хэмжээний зээлтэй иргэний амь насанд эрсдэл учирсан үед “Зээлдэгчийн амь насны даатгал” чухал хамгаалалт болж зээл олгогч тал болон зээлдэгчийн ар гэрт санхүүгийн хүндрэл хохирол үүсэхээс сэргийлдэг.
Мөн Насан туршийн амь насны даатгал нь гэр бүлийн ирээдүйн төлөвлөлтийн чухал хэсэг. Та амьдралынхаа турш даатгуулахын зэрэгцээ 85 нас хүрсэн бол даатгалын үнэлгээгээ хүлээн авч захиран зарцуулах эрхтэй болно.
Амь насны болон бусад төрлийн даатгалд хүмүүс аль болох залуу наснаасаа эхэлж даатгуулбал хураамжийн зардал тэр хэрээр бага байдаг.
Бид өдөр тутмын тансаг, зохисгүй хэрэглээгээ танаж, ирээдүйдээ үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийж болно. Үүнийг та амьдралын даатгалын компанийн https://nlic.mn/ вэб сайтын “Даатгалын тооцоолуур” хэсгээс бодитоор харах боломжтой.

Хувийн тэтгэврийн даатгалд даатгуулснаар хүртэх үр шим, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг тайлбарласан байдал:

Бид Нийгмийн даатгалд хамрагдаж өндөр насны тэтгэвэр авахын тулд маш хатуу болзлыг хангах шаардлагатай болдог. Хэрэв аль нэг байгууллагад ажилладаг бол сар бүр авч буй цалингийнхаа 8.5 /2020 оноос 9.5/ хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг 20 жил 6 сарын турш тасралтгүй төлж байж өндөр насны тэтгэвэр авах эрх үүснэ. Эрэгтэй 60, эмэгтэй 55 нас хүрсэн байх шаардлагатай. Хэрэв та гадаад, дотоодод хувиараа хөдөлмөр эрхэлдэг, малчин, тариачин, уран бүтээлч, оюутан эсвэл ажилгүй бол сайн дурын даатгал төлж болно. Ингэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /320 000/-нээс багагүй дүнтэй орлогоос 11.5 хувийн шимтгэлийг сар бүр төлнө. Хамгийн багадаа 36800 төгрөг гэсэн үг. Гэтэл эргээд авах тэтгэврийн хэмжээ хангалтгүй. Энэ мэт хатуу зохицуулалт нь манай улсын нийгмийн даатгалын үр өгөөжийг бууруулж, иргэдэд ирээдүйн санхүүгийн баталгаа болохгүй, бодит ач тусаа өгч чадахгүй байна.
Тэгвэл Хувийн тэтгэврийн даатгал нь таны ажил эрхлэлт, нас хүйс, цалин орлогын хэмжээнээс үл хамааран /тэтгэвэр авдаг хүн ч давхар хувийн тэтгэвэр авч болно/ олон төрлийн боломж, уян хатан үйлчилгээг санал болгодог. Хүссэн хүн бүр өөрийн санхүүгийн боломжид тохирсон хувь хэмжээгээр үнэлгээ үүсгэж, шимтгэлээ төлөөд ердөө 5 жилийн дараа тэтгэврээ авч эхэлдэг. Энэ нь зөвхөн тэтгэвэр ч биш юм. Хуримтлал үүсгэх хугацаанд даатгуулагч гэнэтийн осолд өртөж хөдөлмөрийн чадваргүй болох юм уу амь насаа алдвал даатгалын хамгаалалт үйлчилдэг. Мөн тэтгэврийн эзэн нас барсан тохиолдолд гэр бүлд нь өвлүүлж болдог. Тэтгэврийн хуримтлал нь Монголбанкны бодлогын хүүгээр өсдөг, даатгуулагч хүсвэл гэрээний хугацаанаас өмнө хуримтлалаа авч болдог гэх мэт таатай боломжуудтай. Төлөх шимтгэлийн хувь хэмжээнд хатуу хязгааргүй уян хатан, харьцангуй бага түвшинд байдаг.
Манай улсын хүн амын дундаж наслалт 65-70 байгаа. Тиймээс хүмүүс бид хэдэн жил хөдөлмөрлөж, хэдий хэмжээний мөнгө ирээдүйд авах тэтгэвэрт төлж, хэдэн жилийн дараа хэдийг эргүүлэн авах, ямар төрлийн үйлчилгээ сонгохоо нарийн тооцоолох шаардлагатай юм.
Амьдралын даатгалын компани нь санхүүгийн өндөр чадамжтай гадаадын компанийн давхар даатгалтай байдаг учир бүх төрлийн нөхөн төлбөрийг найдвартай олгодог.

< Буцах