< Буцах

Санал болгож буй нэр:

Амгалан Амьдралын Даатгал

Оролцогч:

Дэмчигдорж Ганбат

Лого:

Нэрийн тайлбар:

1. “БИД ТАНЫ ГЭР БҮЛД СЭТГЭЛ ТАЙВАН АМЬДРАЛЫГ МЭДРҮҮЛНЭ” гэсэн тус компанийн урианаас энэ нэрийг сонгох санаа анх төрсөн бөгөөд “АМГАЛАН АМЬДРАЛЫН ДААТГАЛ” хэмээн нэрлэх нь дээрх уриа дуудлагын үндсэн санаатай утга дүйцэж, агуулгын хувьд бүрэн нийцэж байна. Ингэснээр, байгууллагын нэр ба урианы хүч нэгэн хэмнэлд нэгдэн нийлж, тэдгээрийн эрчмийн долгисол шинэ хүчээр эрчлэн давалгаалах нь лавтай.

2. Хүн эхээс нэгэнт мэндэлсэн л бол өвдөх, өтлөх, мөнх бусыг үзэх гэсэн гурван үйлийг заавал эдлэх хувь тавилан заяажээ. Үүнээс улбаалж, хүний амьдралын амгалан тайван байдал алдагдаж, ар араасаа хүндрэл бэрхшээл дагуулдаг учиртай. Дээрх гурван үйлийн үр дагаврыг саармагжуулж, удаашруулж, хүчийг сулруулах нь хүмүүст тайвшрал, амсхийлт өгөөд зогсохгүй, бүр аз жаргалын даавар ялгаруулахад хүргэдэг ч байж болох юм. “Амьдралын даатгалын” гэх өвөрмөц тодотголтой тус компани “Амь насны даатгал”, “Эрүүл мэндийн даатгал”, “Тэтгэврийн даатгал” зэрэг бүтээгдэхүүнээр дамжуулан ард иргэддээ хүрч, тулгарсан асуудлыг нь амжилттай шийдвэрлэхэд тусалж, тэдэнд “сэтгэл тэнүүн бөгөөд амар тайван амьдрал” бэлэглэх цогц шийдэл бүхий үнэ цэнтэй, эрүүл бизнес хийж байгаагаараа, даатгалын бусад компаниас илт ялгарч харагдаж байна. Уужуу тайван амьдралыг эрхэмлэдэг монгол түмэндээ баяр баясгалан, аз жаргалыг мэдрүүлж буй тус компанид “АМГАЛАН АМЬДРАЛЫН ДААТГАЛ” хэмээх нэрийг хайрлах нь хамгийн зохимжтой санагдсан ажгуу.

3. Хүний амьдралын мөн чанарыг Дээрхийн гэгээнтэн Далай лам “амар амгаланд хүрэх явдал” гэж маш товчоор тодорхойлсон байдаг. Энэхүү сонгодог тодорхойлолтын агуулга ба компанийн шинэ нэрийн сонголтын утга санаа давхцаж байгаа нь санамсаргүй давхцал биш гэж үзэн бэлгэшээж, “АМГАЛАН АМЬДРАЛЫН ДААТГАЛ” хэмээх нэрийг итгэлтэй сонгосон болно.

“Амгалан” гэх үгийн утгыг Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар толь”-д “бие сэтгэл зовлон зүдгүүргүй, энх эсэн” гэж тайлбарласан бол “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-д “сэтгэл санаа төвшин” гэсэн нэмэлт тайлбар хийсэн байна. Эхэндээ их энгийн мэт санагдаж болох “АМГАЛАН” гэх үгийг, энергийн долгисол өндөр, эрчмийн хүч ихтэй “АМЬДРАЛЫН” хэмээх үгэнд зуузай холбон хоршуулмагц, хамтдаа нийлэнгээ гүн гүнзгий утгын жигүүр ургуулж, өндрөө авч нисээд, агуулга улам төгөлдөржиж, цаашаа “ДААТГАЛ” хэмээх суурь фундамент найдвартай, буяны шим сайтай хүчирхэг царс модон дээр очиж суумагцаа, арвин баялаг үр жимсээ харамгүй өгч, рашаан булгийн ундарга тасралтгүй оргилох шидийг үзүүлж, гэрэлт сайхан ирээдүйг цогцлоон бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Одоо “Амьдралын даатгал”-ын дараах гурван төрлийн үйлчилгээг сонгож, тулгамдаж буй ямар ямар асуудлыг шийдвэрлэх боломжтой болон тэндээс хүртэх үр шимийн талаар товч тайлбарлая.

Хувийн эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар хүртэх үр шим, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг тайлбарласан байдал:

А. Тулгамдаж буй асуудлууд ба шийдвэрлэх боломж

Монгол хүний эрүүл мэндийн дархлаа суларсаар байгааг эмнэлэгт хэвтэж эмчлүүлэгсдийн тооны өсөлтөөс харж болох юм. Энэ тоо 2015 онд 784,9 мянга байсан бол жил тутам өсөн нэмэгдсээр 2018 онд 902,4 мянгад хүрчээ. Тэгэхээр, хүн амын бараг гуравны нэг нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг улс болсон байна. Хүний эрүүл мэнд ноцтой доголдоход дараах тулгамдсан асуудлууд үүсдэг. Үүнд:

1. Сэтгэл зүйн хувьд тухайн өвчнийг хүндээр тусган хүлээн авч, сэтгэл санааны гүн хямралд орж, цочирдож балмагдана.

2. “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэгч болж, яахаа мэдэхгүй сандарч, “миний өвчин эдгэрэх болов уу” гэсэн ээлжит түгшүүр зовнил үүснэ.

3. Эмчилгээний төлбөр мөнгөний асуудал хамгийн хүндээр тусч, өрх гэр, хувь хүнд санхүүгийн томоохон бэрхшээл учруулна.

Б. Хувийн эрүүл мэндийн даатгалд хамрагдсанаар хүртэх үр шим

1. “Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг” тул шаардлагатай эмнэлгийн үйлчилгээг дотооддоо авч болох төдийгүй, эмчилгээ оношилгоо өндөр хөгжсөн гадаад улс орнуудад очиж эмчлүүлэх боломж олгож буй нь даатгуулагчийн хүртэх эхний үр шим.

2. Өвчнийг анагааж эдгэрүүлэхэд шаардагдах санхүүгийн асуудлыг төгс шийдвэрлэснээр, өвчтөн ба түүний гэр бүл айдас түгшүүр, сэтгэлийн дарамтаас чөлөөлөгдөх нь, даатгуулагчийн хүртэх хоёр дахь үр шим.

3. Гэр бүлээрээ даатгуулсан тохиолдолд, 0-19 насны бүх хүүхдийг үнэ төлбөргүй даатгалын хамгаалалтанд авах учраас, гурав дахь үр шимээ хүртээнэ.

4. Үйлчлүүлэгч дэлхийн хаана ч явж байлаа гэсэн, орон зай, цаг хугацааны ямар нэгэн хязгаарлалтгүйгээр, 24 цагийн үйлчилгээ авах боломжийг нь бүрдүүлж өгч байгаа явдал бол даатгуулагчийн хүртэх дараагийн үр шим байх болно.

Амь насны даатгалд даатгуулснаар хүртэх үр шим, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг тайлбарласан байдал:

А. Тулгамдаж буй асуудал ба шийдвэрлэх боломж

Манай улсад жилд дунджаар 17,000 гаруй хүн нас бардаг тоо баримт байна. ДЭМБ-аас Монгол улсын хүн амын нас баралтын 50 шалтгааныг судалж тогтоосноос, эхний тавд, зүрхний титэм судасны нарийсал, цус харвалт, элэгний хавдар, элэгний өвчлөл, сүрьеэ орсон байна. Амь насны даатгалд хамрагдсанаар, даатгуулагчийн гэр бүлд урт хугацааны санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох ач холбогдолтой.

Б. Амь насны даатгалд хамрагдсанаар хүртэх үр шим

1. Хэрэв даатгуулагч амь насаа алдвал, нөхөн төлбөр олгож, гэр бүлд нь үүсэх санхүүгийн ачааллыг бууруулах нь даатгалаас хүртэх үндсэн үр шим юм. 2. Амь насны даатгалд хамрагдсанаар, хөдөлмөрийн чадвар алдсаны тодорхой хувиудаар тооцож нөхөн төлбөр авах нэмэлт үйлчилгээг тус компани үзүүлж байгаа нь даатгуулагчийн хүртэх хоёр дахь үр шим байх болно.

Хувийн тэтгэврийн даатгалд даатгуулснаар хүртэх үр шим, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг тайлбарласан байдал:

Тулгамдаж буй асуудал ба шийдвэрлэх боломж

Хүний нас ахисантай холбоотойгоор, дийлэнх монголчууд тэтгэвэрт гармагцаа өрхийн орлого буурах эрсдэлтай тулгардаг. Гэвч “Боломж дандаа байдаг” гэж нэгэн алдартай бизнесмен онож хэлжээ. Танд гарах гарц бий. Та “Амьдралын даатгал”-ын компанитай хамтарч ажиллах юм бол нас ахисан үедээ санхүүгийн баталгаат эх үүсвэртэй болох боломж бүрдэх нь юутай олзуурхууштай.

Б. Хувийн тэтгэврийн даатгалд хамрагдсанаар хүртэх үр шим

1. Энэ даатгалд хамрагдсанаар, та ирээдүйгээ баталгаажуулаад зогсохгүй, хүссэн хэмжээгээр тэтгэврийн хуримтлал үүсгэх нь, энэ даатгалаас үр шим хүртэхийн эхлэл болно.

2. Тэтгэврийн хуримтлалыг гэр бүлд нь өвлүүлэн үлдээж, шилжүүлэх боломжийг ч бас олгох бөгөөд хуримтлал үүсгэх хугацаанд давхар амь насны даатгалд хамруулснаар, энэ даатгалаас хоёр дахь үр шимийг хүртэх болно.

3. Тэтгэврийн хуримтлал үүсгэх хугацаандаа гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах болон нас барсан тохиолдолд, үүссэн тэтгэврийн хуримтлалыг хоёр дахин нэмэгдүүлж, гэр бүлд нь олгох гэх мэт давхар давхар хамгаалалтуудыг хийснээрээ, энэ даатгал дараагийн үр шимээ даатгуулагчдад хүртээж буй хэрэг юм.

Эцэст нь тэмдэглэн хэлэхэд, нэг талаас ТА, өөрийн амь нас, эрүүл мэндэд учрах эрсдэлтэй холбоотой болон нас ахисан үед өмнөө тулгарах тулгамдсан асуудлуудаа шийдвэрлүүлж, “АМГАЛАН АМЬДРАЛЫН ДААТГАЛ”-ын үйлчилгээг авна. Нөгөө талаас, “АМГАЛАН АМЬДРАЛЫН ДААТГАЛ” компаниас танд “Сэтгэл тайван амьдралыг мэдрүүлж”, сэтгэл ханамжийн баталгааг өгнө.

Ийнхүү хоёр талын хүсэл сонирхол нэг цэг дээр нэгдэн нийлэх бөгөөд амьдралын төлөөх хүсэл эрмэлзэл, зорилго тэмүүллийн их хур эрчмийн огтлолцол дээр ГАЙХАМШИГТ ҮЗЭГДЭЛ гарцаагүй тохиож, “АМГАЛАН ТАЙВАН АМЬДРАЛ” цогцлон босох нь дамжиггүй гэдэгт итгэнэм.

< Буцах