< Буцах

Санал болгож буй нэр:

Даяар Тэнүүн Даатгал

Оролцогч:

Баярсайхан Тэгшжаргал

Лого:

Нэрийн тайлбар:

Дэлхийн хаана ч явсан даатгалын хамгаалалттай сэтгэл амгалан явах тухай утга илэрхийлж, амьдралын даатгалын онцлог хэв шинжийг бэлгэдэж байна. "Даяар" болон "даатгал" гэсэн үгнүүд нь авиа зүйн хувьд нийцэл сайтай, хоршиж хоногших тал дээр давуу чанартай. "Даяар тэнүүн" оноосон нэр нь дуудлагын хувьд хялбар бөгөөд сонсголонтой, андуурч сонсогдох магадлал бага. Логоны дизайны хувьд товчлолын эхний үсгүүд болох ДТД юмуу DTD үсгүүд нь тэгш хэм  үүсгэн цэгцтэй, дизайнлаг харагдах боломжтой.

Хувийн эрүүл мэндийн даатгалд даатгуулснаар хүртэх үр шим, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг тайлбарласан байдал:

Нэг. Эрүүл мэндийн даатгалд төлөх хураамжийн хэмжээг уян хатан байдлаар өөрөө сонгох боломжийг хувийн эрүүл мэндийн даатгалын үйчилгээ л санал болгож байна. Та эрүүл мэнддээ эрсдэл учирсан тохиолдолд авах арга хэмжээ, түүнд тохиромжтой даатгалын үйлчилгээг сонгох боломжийг зөвхөн хувийн эрүүл мэндийн даатгалын компаниуд санал болгож байна. Сонголтгүй байдал нь олон нийтийг хариуцлагагүй байдалд хүргэдэг бөгөөд, танд сонголт бий болсноор та эрүүл мэндийн эрсдлээ үнэлж үзэн, өөрт тохирсон, хүссэн даатгалын бүтээгдэхүүнийг сонгож ирээдүйгээ баталгаажуулах боломжтой болж байна.

Хоёр. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг олон сонголттойгоор авах боломжийг хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ л танд олгоно. Та дараалал дугаар хүлээн цаг алдаж, улсын эмнэлгийн шат дамжлага, зарим төрлийн хүнд суртал зэрэг зарим төрлийн эвгүй нөхцөл байдалд өртөхгүйгээр  монголын болон гадаад улсын эрүүл мэндийн чанартай үйлчилгээг авах боломжтой юм. Эрүүл мэндийн үйлчилгээний авлигын нөхцөл байдлыг судалсан Азийн сангийн судалгаанд оролцогчдын 55% нь эмч эмнэлгийн ажилтанд бэлэг сэлт өгсөн хэмээн хариулсан нь улсын эмнэлгүүдийн үйлчилгээнд байгаа олон асуудлуудыг илтгэж байна.

Гурав.Хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ хөгжснөөр урьдчилан сэргийлэх, эрт оношлох зэрэг эрүүл мэндийн үйлчилгээний чанарын өөрчлөлт гарах боломжтой. Монгол улс эмийн үнэ өндөртэй дэлхийн 10 орны нэг бөгөөд даатгалын сангийн зардлын 15 хувь нь эмийн хөнгөлөлтөд зарцуулагдаж байна. Даатгалын компаниуд нийлээд бүх эмнэлэг, эмийн сангийн бараа, үйлчилгээний чанарт хяналт тавьдаг болох шалгарсан тогтолцоонд шилжих хэрэгтэй.

Дөрөв. Хувийн эрүүл мэндийн даатгал сонгох нь  улс орныхоо эрүүл мэндийн тогтолцоог эрүүлжихэд оруулж буй хувь нэмэр юм. Эрүүл мэндийн салбарын төвлөрсөн байдал, төр захиргааны байгууллагууд болон улс төрийн намууд, түүнийг төлөөлөгч цөөн эрх мэдэлт хүмүүсээс хараат байдалд нь эрүүл мэндийн салбарын хөгжилд муугаар нөлөөлөх суурь хүчин зүйлүүд болж байна. Эрүүл мэндийн салбар дахь хувийн хэвшлийг дэмжих, хувьчлал явуулах, төвлөрсөн эрүүл мэндийн системийн төвлөрлийг бууруулж, зах зээлийн эдийн засгийн хуулинд нийцүүлэх нь эрүүл мэндийн салбарын чанар, цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой юм.  Төрийн эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаанд тавигдах хяналтын зарим журмууд хэрэгжихгүй байгаа тухай Үндэсний аудитын газрын тайлан судалгаанд дурдагдсан байдаг. Та төрийн даатгалыг биш, хувийн даатгалын үйлчилгээг сонгосноор шинэчлэл өөрчлөлтийг дэмжсэн хариуцлагатай үйлдэлд нэгдэж байгаа хэрэг юм.

Амь насны даатгалд даатгуулснаар хүртэх үр шим, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг тайлбарласан байдал:

Нэг. Судалгаанаас үзэхэд монгол улсад нас баралтын 3 дахь том шалтгаан нь осол гэмтэл, гадны нөлөөтэй нас баралт байна. Гэр бүлийн амьдралд тохиолдож болох хамгийн том эрсдэл бол гэр бүлийн тулгуур багана болсон эхнэр эсвэл нөхөр амь насаа алдах тохиолдол юм. Үр хүүхэд, үлдэж хоцорсон хань ижлээ амьдралын баталгаагүй, эдийн засгийн хэцүү нөхцөлд үлдээж, хорвоог орхих тохиолдол амьдралд олон гардаг бөгөөд үүнээс тодорхой хэмжээнд сэргийлж болох нэгэн арга хэрэгсэл нь амь насны даатгал билээ.

Хоёр. Нийгмийн даатгалын сангаас 2016 онд 22479 хүнд тэжээгчээ алдсаны тэтгэмж 63.1 тэрбум төгрөг олгожээ. Дундажлан тооцвол нэг тэжээгчээ алдсаны тэтгэмж авагчид сарын 233.000 төгрөгийн тэтгэмж ноогдож байгаа нь улсын нийгмийн даатгалын үйлчилгээний өгөөж муу, амь насаа алдсан иргэний ар гэрийг  санхүүгийн хүндрэлээс хамгаалж чадахгүй байна.  Харин амь насны даатгалтай иргэн нас барсан тохиолдолд гэр бүлд нь нөхөн төлбөр өв болон очдог.

Гурав. Урт хугацааны зээл авч байгаа иргэн зээлдэгчийн амь насны даатгалыг сонгосноор,  амь насаа алдах тохиолдлоос болж үүсэх санхүүгийн эрсдлээс зээлдүүлэгч болон өөрийн дотны хүмүүсээ хамгаалаж чадна. Зээлийн үйлчилгээ үзүүлэгч бүх төрлийн байгууллагуудад энэхүү бүтээгдэхүүн нь найдваргүй зээлийн эрсдлээс баттай сэргийлж чадах чухал бүтээгдэхүүн юм.

Дөрөв. Амь насны даатгалын үйлчилгээ нь уян хатан бөгөөд эрүүл мэнд амь насаа үнэлэн даатгуулах боломжтой. Таныг дэлхийн хаана ч явсан, цаг ямагт даатгалын үйлчилгээ хүчинтэй байна. “Үндэсний амьдралын даатгал” ХХК-ын “насан туршийн амь насны даатгал”-ын үйлчилгээг сонгосон даатгуулагч 85 насандаа даатгалын хуримтлалаа буцаан авах боломжтой юм.

Хувийн тэтгэврийн даатгалд даатгуулснаар хүртэх үр шим, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтойг тайлбарласан байдал:

Нэг. Тэтгэврийн хуримтлал нь өвлөгдөх боломжтой байгаа нь хувийн тэтгэврийн даатгалын үйлчилгээний томоохон давуу талууд юм.  Улсын тэтгэврийн даатгалд энэ боломж байхгүй байгаа нь олон шүүмжлэл, гомдол саналыг дагуулсаар байгаа билээ.

Хоёр.  Хувийн тэтгэврийн даатгал танд олон сонголтуудыг өгч чадна.
Хэзээ тэтгэвэрт гарах, хэдийг даатгалд төлөх, ямар хугацааны давтамжтай даатгалаа төлөх,  ямар хэмжээний тэтгэвэр авах гээд  уян хатан сонголттойгоор ирээдүйн санхүүгээ төлөвлөх боломжийг зөвхөн хувийн нийгмийн даатгалын үйлчилгээ л танд өгч чадна. Санхүүгийн төлөвлөлт хийж, өөрийн санхүүгийн нөхцөл байдалдаа тохирсон шийдвэрийг гаргах боломжийг өгдөггүй, албан журмын байдалтай байдаг нь төрийн тэтгэврийн даатгалын бас нэгэн хүндрэлтэй тал юм.

Гурав.  Улсын тэтгэврийн даатгалд даатгагдсаар ирсэн иргэн, хувийн тэтгэврийн даатгалын үйлчилгээг давхар сонгон, нэмэлт тэтгэвэр авах боломжийг өөртөө бүрдүүлэх боломжтой юм. Улсын тэтгэврийн даатгалын санд олон жил хураамж төлж байж тэтгэвэрт гарах боломжтой болдог бол хувийн тэтгэвэрийн даатгалд та богино хугацаанд, уян хатан байдлаар хураамж төлж тэтгэвэр авах боломжтой болж чадах юм.

Дөрөв. Ажилласан жил, тэтгэврийн насны өөрчлөлт зэргийг засгийн газраас шинэчилэн тогтоох, тэтгэврийн нэмэгдэл мөнгөний ханший уналтаас бага байх эрсдлүүд нь улсын тэтгэврийн даатгалд хамрагдагчдад  хүндээр тусдаг. Тухайлбал Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд УИХ-аас 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж хэвийн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жил бүр 3 сараар үе шаттай нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн нь олон иргэний эрх ашгийг хөндөж байгаа билээ. Хувийн тэтгэврийн даатгалд хамрагдсанаар таны тэтгэврийн хуримтлал улс төрийн болон цаг үеийн шинжтэй засгийн шийдвэрээс үл хамааран таны ирээдүйн баталгаа байж чадах юм.

< Буцах